среда, 1 июля 2015 г.

Монголчуудын үндэсний ундаа айргийн тухай

Айргийг олон орны хэлэнд янз бүрээр нэрлэдэг. Википедиа цахим нэвтэрхий тольд бичсэнээр түрэг хэлэнд “qımız”, казах хэлэнд “қымыз”, башкир хэлэнд “ҡымыҙ”, орос хэлэнд “кумыс”, буриад хэлэнд “айраг”, татар хэлэнд “кымыз”, азербайжанчууд “qımız”, туркууд “kımız”, узбекууд “qimiz”, Якутад “кымыс”, тувачууд “хымыс”, киргизүүд “кымыз” гэж тус тус нэрлэдэг ажээ.
Олон улсад тодорхойлсноор айраг нь сүүний хүчлийн бактер, исэлдүүлэгч тусгай үүсгүүрийн тусламжтай сүүн хүчлийн болон спиртийн исэлдэлтийн аргаар гарган авдаг гүүний сүүн исгэлэн ундаа юм. Уг ундаа нь хөөсөрхөг, цагаан өнгөтэй, сэрүү татуулсан тааламжтай амттай, чихэрлэг исгэлүүн. Анагаах ухаанд айргийг олон талаар эрүүл мэндэд тустай ундаа гэж үздэг. 
Үүсгүүр, исгэх хугацаа, орчин нөхцлөөс хамаараад айрагны амт янз бүр.  Спиртийн агууламж өндөртэй, хүнийг согтоох чадалтай айраг бий. Эсрэгээрээ хүнийг тайвшруулж нойрмог байдалд хүргэдэг айраг ч байдаг.  

Айраг үүссэн түүх

Айргийг анх Дундад Ази болон Монголын овог аймгуудад хийж эхэлжээ.  Айраг хэрэглэсэн тухай хамгийн эртний баримт Зэс-чулуун зэвсгийн үе буюу энеолитийн (5500 жилийн өмнө) үед хамаардаг.  Өнөөгийн Киргызстаны нутагт байх Сусамырын хөндийгөөс морины тоног хэрэгслийн дундаас гүүний сүүний ул мөртэй ямааны арьсаар хийсэн жижигхэн хөхүүр олджээ. Нүүдэлчид айраг исгэх арга технологийг олон зуун жил нууцалсаар иржээ.
МЭӨ 484-424 онд амьдарч байсан эртний Грекийн түүхч Геродат өөрийн бүтээлд скифүүдийн аж байдлыг дүрслэхдээ модон торхонд гүүний сүү исгэж хийдэг амтлаг ундааны талаар бичсэн байдаг.  Геродатын бичиж үлдээснээр скифүүд нууц алдахаас сэргийлэхдээ айраг исгэх аргыг мэдсэн хөндлөнгийн хүмүүсийг сохолдог байжээ.
Мөн эртний Оросын Ипатьевскийн сурвалж бичигт айрагны тухай дурьдсан байдаг. 13 дугаар зууны Францын шашны зүтгэлтэн, номлогч Гийом де Рубрук 1253 онд тэр үед “Татаар” гэж нэрлэдэг байсан, Алтан ордны улсаар аялахдаа айраг бэлтгэх технологийг анх удаа дэлгэрэнгүй бичжээ. 

Найрлага, шинж чанар

Айраг исэх явцад уураг нь түргэн боловсрох бодис болж хувирдаг, харин сүүний сахар нь сүүний хүчил, этилийн спирт, нүүрс хүчил болон бусад амтлаг бодис болж хувирдаг. Энэ бүхэн айргийг маш тэжээллэг чанартай, түргэн шингэцтэй, таатай амт, үнэртэй ундаа болгодог. 
Айраг ихэвчлэн 0,2-2,5 хувийн этилийн спирт агуулдаг.  Зарим тохиолдолд 4,5 хувь хүртэл спиртийн агууламжтай байх нь бий. Хүчиллэг чанар нь 60-120 °Т. Хатуу чанарын айраг бэлддэг казах технологи гэж бий. Казах үндэсний “агсам айраг” буюу  “асуа кумыс” гэж нэрлэгддэг айраг нь 40 хувийн спиртийн агууламжтай. 
Айраг исэх үед С, В бүлгийн амин дэмүүд нийлэгжсэнээр (синтез) согтууруулах чанартай ундаа үүсч, их хэмжээний нүүрс хүчил ялгарч айраг нь уруул чимчигнүүлсэн амттай болдог.  Уурган дахь бичил организмуудын нөлөөгөөр айраг нь шингэрч задарсан, эсвэл хагас задарсан төлөвтэй байдаг.  Айраг нь исэлтийн үед үүсдэг бичил биетнүүдийн тусламжтай  бий болдог бактерийн эсрэг идэвхит бодисоор баялаг.  Тэжээллэг чанартай, хүний бие организм дахь биологийн үйл явцыг идэвхжүүлэх чадвартай.  Нүүрс хүчил, сүүн хүчил, согтууруулах чанар агуулдаг учраас нойр булчирхайн үйл ажиллагааг дэмжиж хоол боловсруулалтыг сайжруулдаг.  Айрган дахь бактерийн эсрэг бодисууд дархлааг сайжруулж, сүүний хүчлийн бактерууд элэгний ажиллах орчныг эрүүлжүүлдэг. Ингэснээр элэгний үйл ажиллагаа муудаж бие организм өөрийгөө хордуулж эхлэхээс сэргийлдэг. 
Айрагны эмчилгээгээр хоолны дуршил нэмэгдэж, ходоодны шүүс ялгарах, хоол тэжээлийн зүйлийг шингээх үйл явц сайжирч, уураг, өөх тосыг шингээх чадвар дээшилдэг.  Мөн жин нэмэгдэнэ.  Айраг нь тодорхой түвшинд ходоодон дахь хоол тэжээлийн зүйлд давс дутагдалтай үед давсны хүчлийг орлох чадвартай.  Айрагны эмчилгээг сүрьеэгийн зарим хэлбэр, мөн цус багадалт, ходоодны үрэвсэл зэрэг удаан хугацааны хүнд өвчний дараа хоолны дуршлийг сэргээхэд ашигладаг байна. 

Орчин үеийн хэрэглээ

Гүүний айргийг БНМАУ –аас гадна Бүгд Найрамдах Казах ба Киргиз улс, Автономит Башкир мөн Халимаг улсад хийдэг. Монгол оронд айраг бол өргөн дэлгэрсэн ундаа бөгөөд Булган,Архангай, Өвөрхангай, Төв, Дундговь аймгууд айраг үйлдвэрлэдэг гол нутаг юм. Гүүний айргийг зун, намрын улиралд хийдэг уламжлалтай боловч гүүг нэмэгдэл тэжээлээр тэжээсэн нөхцөлд жил тойрон сааж айраг исгэж болно. Гүүний айраг бол манай хүн ардын зун цагт өдөр тутмын хэрэгцээт хүнсний чухал зүйл болохоос гадна эмчилгээ сувилгааны чанартай бүтээгдэхүүн болдог.

Анагаах чанар

  • ·      Айрагны хөрөнгө нь исэх явцдаа сүрьеэ үүсгэгчийн эсрэг үйлчилгээ бүхий бактерийн эсрэг бодис ялгаруулдаг
  • ·         Айраг нь ходоод болон бусад хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулдаг
  • ·         Айраг нь гэдэсний савханцар зэрэг хор хөнөөлтэй бактерийн эсрэг үйлчилгээтэй
  • ·      Айраг  цусанд сайн нөлөөтэй, ялангуяа гемоглобины агууламжийг дээшлүүлж, цагаан эсийг сайжруулдаг
  • ·         Мэдрэлийн системд сайн нөлөөтэй
  • ·        В бүлгийн амин дэмүүд, сүүн хүчил, нүүрс хүчил их агуулдаг учраас этилийн спиртээс үүдэлтэй шарталтын синдромыг түргэн тайлдаг 
  • ·         Хорт хавдрыг саармагжуулдаг
  • ·         Арьс болон бүх бие организмын эрүүл, залуу байдлыг дэмждэг

Айргийг эмчилгээний зориулалтаар уухдаа тодорхой хувиартай, хэмжээтэй уухыг зөвлөдөг.  Эхэндээ 100 граммаар өдөрт 6 удаа ууж цаашдаа аажмаар өдөрт 2,5 литр хүртэл ууна. Эмч нар айргийг өрөөний хэмд, бага балгалтаар уух хэрэгтэй гэж үздэг.  Ойролцоогоор өглөөний унд, өдрийн хоолны дараа цаг хагас болоод ууна.  Оройн хоол идэхээс цаг хагасын өмнө ууж дуусгах хэрэгтэй. Оройн хоолны дараа уухыг зөвлөдөггүй. 

Комментариев нет:

Отправить комментарий